Номын тэмдэглэл: The Art of Losing — Lizzy Mason

sunpaperblue
4 min readFeb 13, 2021

--

Халтар kindle-ийнхээ зургийг оруулчихъя kk.

Зохиолч Lizzy Mason-н анхны уран бүтээл болох “The Art of Losing” ном нь өсвөр үеийн залууст тохиолдох зовлон бэрхшээл, гуниг гутрал тэр дундаа архинд хэт донтох болон үүнээс улбаалах олон асуудлуудыг хөндөн бичсэн ном билээ. Номоо уншихаас өмнө багахан судалгаа хийтэл зохиолч эмэгтэй маань өөрөө 16–17 насандаа архины хэт хамааралтай болж архины эмчилгээнд явж байсан юм билээ. Энэ сэдвийг хөндөн бичсэн ном зохиолууд байдаг ч өөрийн туулсан туршлагатай нь дөхөж очихуйц зохиол байгаагүйгээс сэдэл авч энэхүү зохиолоо бичсэн гэсэн шүү.

Номын ерөнхий үйл явдлыг ярьвал:

Гол дүрийн эмэгтэй Harley нь 17 настай ахлах сургуулийн сурагч. Mike гэх найз залуутайгаа маш удаан үерхсэн боловч нэгэн үдэшлэг дээр согтуу найз залуу нь зүгээр л хэн нэгэнтэй ч бус түүний төрсөн дүү Audrey-тэй үнсэлцэж буйг өөрийн нүдээр олж хардаг. Уурандаа байж ядсан тэр үдэшлэгийг орхиж явах ч хэдхэн цагийн дараа тэднийг машины осолд орсныг мэдэж төрсөн дүүгээ сэхээнд орсныг мэддэг. Уй гуниг, зовлон шаналал, эргэлзээ, харуусал гэх мэт олон мэдрэмж давхцсан энэ мөчид тэрээр багын найз Raf-тай эргэн холбогдож харилцаагаа сэргээдэг. Гэвч Raf түүний найз залуутай адил архины хамааралтай бөгөөд дөнгөж эмчилгээнээс гарч ирээд байсан билээ.

Ингээд энэхүү номоос надад өгсөн чухал санаа(мессеж)-нуудыг ийн бичье:

1. Өсвөр үеийнхний талаар бичсэн ном бичвэрүүд барьж авах болгонд амьдралд учирч болох хамгийн хүнд, харанхуй сэдвүүдийг өгүүлдэг нь тун таагүй санагддаг. Яагаад энэ насандаа өөртөө ахадсан энэ их зовлонг үүрдэг юм бол оо гэж хэсэг гайхширмаар ч болох шиг.

Магадгүй энэ насандаа бид бүгд өөрийгөө ойлголгүй амьдрал дунд төөрч орхидог байх. Будилж явахдаа биднийг гэх хэн ч байхгүй мэт, биднийг хайрладаг нэгэн үлдээгүй мэт сэтгэж зарим нь донтолт, сэтгэл гутрал, үхэл хагацал гэх мэт хар нүх рүү унаж орхидог юм болов уу. Гэвч эмх замбараагүй өсвөр насны үед маань ч биднийг гэсэн хэн нэгэн заавал байдаг. Биднийг хайрладаг, бидэнд туслахыг хүсдэг, биднийг сайжраасай гэж боддог, биднийг алдаа бүхэнтэй маань уучилж хүлээн авдаг хэн нэгэн. Тэр хэн нэгнийг анзаарч чадвал бодит байдал төсөөлсөн шиг хэцүү биш, ямар нэгэн байдлаар бодит амьдралаас заавал зугтаах хэрэггүй гэдгийг ойлгож чадах байх аа.

2. Бүх зүйлс бидний сонголт юм. Чи архинд донтогч байж болно. Чи дөнгөж эмчилгээгээ дуусгасан байж болно. Чи эргээд хэрэглэж болно. Учир нь “sobriety” буюу архи болон бусад донтуулагч бодисоос ангид байх нь тийм ч амархан үйл явц биш юм. Саадгүй шулуун замаар нэг сарын дотор, нэг эмчилгээний дараа зүгээр болчихгүй. Маш олон хүмүүс урт хугацааны турш маш олон удаа эргэж буцаж, бүдэрч боссон гэдгийг санаад өөртөө ахин дахин боломж өгч итгэх хэрэгтэй юм байна. Амьдрал гэдэг сонголт гэсэн шүү дээ. Хуучин хамт хэрэглэдэг байсан найзуудаасаа харилцаагаа таслах, чамайг дэмжих хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх, хэдэн ч удаа эргэж буцсан бууж өгөлгүй хичээнэ гэж өөртөө итгэх сонголтыг чи л хийнэ. Зөв сонголтоо хийсэн цагт чамайг дутагдал бүхэнтэй чинь уучлаад хүлээн авах хүн байдаг юм шүү.

3. Төсөөлөөгүй мөчид төсөөлөөгүй хэн нэгэн бидний амьдралд орж ирээд төсөөлөөгүй хайр халамж, тусламжыг өгөх тохиол байдаг юм байна.

Чамайг алдаа дутагдал, эмтэрч гэмтсэн бүхэнтэй чинь хайрлах хэн нэгэн бий.

Чи амьдралынхаа хамгийн хүнд үе дээрээ байхад хажууд чинь байхыг хүсдэг хэн нэгэн бий.

Чи өөрийгөө ч ойлгохгүй, өөрийгөө хайрлахаа мэдэхгүй үед чинь чамайг ойлгохыг, туслахыг, хайрлахыг хүссэн хэн нэгэн бий.

Тэр хэн нэгэнд харин боломж өгөөрэй. Өөртөө хатуурхалгүй, өрөөлийг түлхэлгүй заавал боломж олгоорой.

4. Чи эсвэл би гэлтгүй бид бүгдийн амьдрал ямар нэгэн байдлаар архитай холбогддог. Юуг ч балансаас хэтрүүлвэл хэрхэн биднийг баллаж орхидогийг энэ ном их сайн илэрхийлсэн гэж бодлоо. Гэвч нөгөө талдаа сонголтоо зөв хийвэл хэзээ ч бид оройтоогүй байдаг юм шүү гэдгийг мөн харуулсан юм шиг.

Аливаа зүйлийн хэт их хэрэглээг бид хэзээ ч өөгшүүлэн дэмжиж болохгүй.

Архинаас үүдэлтэй үйлдэл, хандлагыг бид хэзээ ч энгийн мэтээр хүлээн авч дасаж болохгүй.

Хайртай хүмүүсийнхээ донтолтыг бид хэзээ ч тэвчээд явж болохгүй. Харин оронд нь хатуу үнэнийг хэлээд шаардлагатай тусламжыг өгөх зоригтой байх хэрэгтэй.

Амьдралд өөрийн алдаагаа хүлээн зөвшөөрөөд засахад хэзээ ч оройтдоггүй юм шүү. Харин хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг нь амьдралын хамгийн том алдаа гэдгийг бүү мартаарай.

Ойлгоход хялбар, дундаж урттай ном байсан учраас хэдхэн хоног шимтэж уншаад дуусгачихсаан kk. Уншсан хүнд уучлал, хайр, ойлголцлын талаар үнэтэй сургамж өгөх байх гэж бодогдлоо.

Номноос хадгалж авсан зарим мөртүүдээ мөн бичиж үлдээе.

“Maybe it was the fear of putting my heart in the hands of someone else who could crush it and blame it on alcohol.

“I also think it’s better to have loved and lost, you know? I just think everyone should get to experience that happiness, even if there’s a chance it might lead to heartbreak.”

“I just want to be more…me. I want to stand up for myself and say what I’m feeling when I’m feeling it.

“I wanted to reach out. I wanted to smooth those worry wrinkles and lines. No teenage boy’s face should be that world-weary and troubled.”

гэх мэт өөрийгөө болон өрөөлийг ойлгох гэсэн санааг агуулсан үгс номыг турш олон таарсан байдаг юм.

--

--